Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! ... гэж нэрт яруу найрагч О.Дашбалбар агсан шүлэглэсэн байдаг нь юутай үнэн үг вэ? Та бидний амьдрал ав адилхан, алдаж онохдоо ч тэр, ахиж дэвшихдээ ч тэр. Амьд явах тасалбараа ДОХ хэмээх аймшигт мангаст алдсан дөч эргэм настай, хийж бүтээх ид үедээ яваа нэгэн хүнтэй энэ удаагийн болзоо булангаараа уулзуулж байна. Сэтгүүлч миний бие нилээд хэдэн асуулт бэлтгэсэн боловч энэ дугаарын зочин маань асуултуудыг хүлээлгүйгээр үнэхээр нээлттэй ярьж байлаа...
- Сайн байна уу? Хүсэлтийг маань нааштайгаар хүлээн авсанд сайтынхаа уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Нуулгүй хэлэхэд таныг нилээд цонхигор, туранхай байх болов уу гэж бодсон. Миний одоогийн дүгнэлтээр бол таныг Дэлхий нийтийн харанга болоод буй ДОХ – той гэж төсөөлөхөд ч бэрх байна.
- Монголчуудынхаа энэ өдрийн амгаланг эрин мэндчилье. Хүмүүсийн ихэнх нь ДОХ гэдэг өвчнийг гадаад байдалд шууд нөлөөлчихдөг, өвчний үе шат нь эргэн тойрныхоо хүмүүст илт мэдрэгддэг гэж ташаа ойлгодог. Чи ч бас ялгаагүй тийм байж.
Энэ өвчнийг гаднаас нь хараад мэдэж болдог бол ах нь ч бас тойроод л гараад явчих байсан. Гэтэл бодит байдал өөр. Би одоо дөч хүрч байна. Энэхүү хар бараан өдрүүд эхлэхээс өмнө ах нь хэнээс ч илүү сайхан амьдарч байжээ. Юу вэ? гэхээр халамжит хань, өвөр дээр минь эрхлэх миний хайртай хүү энэ бүхэн зөвхөн намайг л аз жаргалтайгаар ажлаа тарахыг маань хүлээж, хоол цайгаа халуун байлгах гэж хичээж суусан юм. Нэгэнт хүний л амьдрал болсон хойно алдаа эндэгдэл гаралгүй л яахав. Гэхдээ ах нь саяны үгээрээ өөрийгөө өмөөрч байгаа юм биш шүү. Хамгийн гол нь үхлээс өөр юу ч тохиолдлоо гэсэн айл гэрийн амьдралд гарсан алдаа эндэгдэл бүрийг уужуу сэтгэлээр даван туулж чадаж байж л бат бөх, урт удаан үргэлжилнэ гэж бодож, сэтгэж явсан миний хувьд ДОХ туссан гэдгээ мэдэхэд бүхий л өнгөрсөн амьдрал нүдний урдуур жирэлзээд өнгөрсөн, тэр үед амьдралаа хөмөрчихлөөдөө гэхээс өөр бодол толгойд орж ирээгүй. Чи намайг энэ нөхөр яаж яаваад халдвар авчихсан юм болдоо гэсэн харцаар хараад байна. Нуух юм алга, би бэлгийн замаар халдвар авсан. Одоогоос 4 жилийн өмнө азийн нэг жижиг улс руу мэргэжил дээшлүүлэх сургалтанд хагас жилийн хугацаатай явсан. Очоод удаагүй байхдаа л тохиолдын бэлгийн харилцаанд орсон. Эрсдэлтэй зүйл хийснээ сэрэхдээ ухаарч байсан хэдий ч аль хэдийн хожимдсон байв. Нэг хувийн эмнэлэгт сорил өглөө, хариу нь тодорхой гараагүй 3 – 4 сарын дараа дахин шинжилгээ хийлгэ, тэр болтол бэлгийн харилцаанд орж болохгүй гэж тэр гадаад эмч чихэнд хоногшоогүй аялга муутай англи хэлээр хэлсэн. Байдал бишдэж байна гэдэг нь ойлгомжтой байсан ч хүн л болсон хойно бага ч гэсэн горьдлого үлдсэн. Тэрхүү горьдлогоо тээн монголд байгаа эхнэр хүү хоёртойгоо ярьж суухад миний цээжинд ямар нэгэн зүйл хуралдаад байгаа нь мэдрэгдэж байлаа. Цаг улирсаар би ч буцах боллоо, дахин шинжилгээний хариу ч бас гарсан. Би эдгэшгүй өвчтэй гэж бодоод “Бээжингийн” онгоцны буудал дээр буухад яаж монгол руугаа тэр тусмаа хайрт хань, хүү хоёр дээрээ очно гэхээс л зүрх шантарч байсан. Монголчуудын хэлдгээр дөч хүрсэн эр, дөрөө даах ат гэдэг шиг тулхтай байхыг ах нь бүхий л амьдралынхаа гол ноён нуруу болгож явахыг байнга өөртөө сануулж, захиж байсан боловч цаг бусын жаргалд толгойгоо мэдүүлж харамсаад баршгүй алдаа гаргасандаа өөрийгөө уучилж чаддаггүй юм. /хоолой нь зангираад нулимсаа арчив/ Онгоцноос буусан, хүү минь инээгээд угтсан тэр цаг мөчүүд зүрх зүсэм байсан. Хөлс чийхарсаар гэртээ харих замдаа эхнэртээ болсон бүх явдлыг хэрхэн хэлэх вэ? гэсэн ганцхан бодол миний толгойд эргэлдэж байлаа. Би хэлсэн, миний эхнэр эхэндээ итгээгүй, тэглээ ч бодит байдалд би ДОХ - ын вирус тээгч болсон байсан. /хэсэг чимээгүй болов.../